Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг–Худалдан авах ажиллагааны газар нь төрийн худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй, шударга зохион байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, иргэд, олон нийтийн хяналт тавих нөхцлийг бүрдүүлэн ажилласны дүнд байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээг жил дараалан ахиулсан амжилт гаргав.
2015 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээ өмнөх оныхоос 14, нийт агентлагийн үнэлгээний дундажаас 15,4, яамдын дундаж үнэлгээнээс 26,1 оноогоор дээгүүр дүнтэй дүгнэгдэж, үнэлгээнд хамрагдсан нийт 124 төрийн байгууллагаас үнэлгээний дүнгээр эхний 7 дугаар байр, 26 агентлагаас эхний 6 дугаар байрыг тус тус эзэлсэн байна.
Худалдан авах ажиллагааны байгууллага, салбарын хүрээнд авлигад өртөх эрсдэлийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх талаар Худалдан авах ажиллагааны газар тодорхой үр дүнтэй арга хэмжээ аван ажиллаж, хүчин чармайлт гаргасан нь авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээ, тэр дундаа удирдлагын манлайлал, санал, санаачилгын үнэлгээгээр илэрхийлэгдэж байна.
Худалдан авах ажиллагааны газар нь 2014 онд цахим худалдан авах ажиллагааны системийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд худалдан авах ажиллагааг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулав. Цахим худалдан авах ажиллагааны системийг нэвтрүүлснээр худалдан авах ажиллагаанд хүний шууд оролцоо багасч, орон зайн хамааралгүйгээр тендерт орох, мэдээлэл авах, хяналт тавих, цаг хугацаа, төсвийн зардлыг бууруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй үйлчлэх зэрэг олон давуу талыг бий болгож байна.
Тус газар мэдээллийн ил тод байдлыг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тендерт шалгарсан, шалгараагүй шалтгаан, тендерт ирүүлсэн материал, хяналтын төсвийг ил тод, нээлттэй мэдээлж, үнэлгээний хорооны гишүүдийг санамсаргүй сонголтоор сонгон томилох, байгууллагын үйл ажиллагаа, худалдан авах ажиллагааны явцыг олон нийтэд ил тод сурталчлан таниулах, мэргэжлийн байгууллагын хувьд орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх зэргээр худалдан авах ажиллагааны байгууллага, салбарын хэмжээнд санаачлагатай ажиллаж, ийнхүү үр дүнд хүрсэн. Цаашид энэ үр дүн, амжилтаа бататган ажиллахаар 2015 оны ажлыг эхлүүлээд байна. 2015 онд цахим худалдан авах ажиллагааны системийг улсын хэмжээнд нэвтрүүлж, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах замаар худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангаж, олон нийтийн хяналт тавих боломжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Дашрамд дурдахад, Авлигатай тэмцэх газраас нээлттэй сонгон шалгаруулсан ТББ-ын төлөөлөл бүхий хөндлөнгийн шинжээчдийн баг АТГ-ын даргын тушаалаар баталсан “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал, шалгуур үзүүлэлт”-ийн дагуу дээрх үнэлгээ, дүнг гаргажээ.
ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС